Хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа шинэ ертөнцтэй мөр зэрэгцэн хөгжихийн тулд манай улс уул уурхай, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн-үйлчилгээний чанарын түвшинг сайжруулах шаардлага байгаа билээ. Иймээс манай компани 2007 оны 9 сараас эхлэн Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Нефтийн салбартаа стандартыг нэвтрүүлэгч анхны компани болж, хэрэглэгчдэд нийлүүлж буй нефтийн бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг сайжруулан, улмаар “Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар тэргүүлэгч, хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээтэй, түлш эрчим хүчний зах зээлд байр сууриа эзэлсэн үндэсний компани байна” гэсэн компаний эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Компани нь улс орон даяар сүлжээ бүхий 20 агуулах, 370 гаруй шатахуун түгээх станц /ШТС/ -уудаар дамжуулан хэрэглэгчид үйлчилж байгаа бөгөөд үүнээс 6 агуулах, 60 ШТС-ын үйл ажиллагаанд Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлээд байна. Цаашид Чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээг өргөтгөж бүх салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Компаний зүгээс Нефть хангамжийн салбар, агуулах, ШТС-уудын үйл ажиллагаа хууль, журам, стандартын дагуу явагдаж, ил тод байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
Чанарын удирлагын тогтолцооны үр нөлөөг сайжруулахын тулд стандартын хэрэгжилтэнд дотоод аудитын шалгалтыг улирал бүр, гадаад аудитын шалгалтыг хагас жилд нэг удаа зохион байгуулж, салбаруудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч байна. Дотоод аудитын шалгалт нь компани тавьсан зорилгодоо хүрэх зорилт, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө чиглэгдэхээс гадна компаний үйл ажиллагаа холбогдох хууль, журмуудыг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянаж, энэ талаар компаний удирдлагуудад үндэслэлтэй мэдээллийг гарган өгдөг.
Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр компаний удирдлага зохион байгуулалтын бүтэц боловсронгуй болж, шат дамжлага бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт тавих хяналт сайжирч, ажилтнуудын идэвхи санаачлага, бүтээлч хандлага дээшилж, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдал, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт эрс сайжирсан. Түүнчлэн гадаад түншүүдтэй хамтран ажиллах харилцаа өргөжин тэлж, зах зээлд чанараар тэргүүлэх байр сууриа баттай хадгалах боломж бүрдэж байна.