
Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа,
Нефтийн зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн 10 жилд ихийг хийж бүтээснээ эргэн харахад манай компани салбартаа чухал байр суурь эзэлсэн үндэсний компани болж хэдийнэ чаджээ. Бид өнгөрсөн хугацаанд Монгол улсыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээрээ дамжуулан эх орны өнцөг булан бүрт хүрч, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид анхаарснаар өөрийн гэсэн брэнд нэрийг хэрэглэгчдийн дунд бий болгож чадлаа.
Энэхүү боломжийг ашиглан миний бие Петровис компанийн шинэ удирдлагын хувьд ирэх арван жилд зорилго нэгтэй эвсэг хөдөлмөрч хамт олныхоо туслалцаатайгаар компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэн илүү ахисан түвшинд хүргэх болно гэдгээ хэлэхэд таатай байна. Петровис НИК-ийн хамт хэрэглэгч болон хувьцаа эзэмшигчдийн хувь оролцоо, чадварлаг мэргэжлийн баг, хамт олон, дадлага туршлагатай удирдлагын тусламжтайгаар үйл ажиллагаагаа мэргэжлийн хамгийн өндөр стандартад нийцүүлэн явуулж, өрсөлдөөнд олж авсан давуу талаа цаашид хадгалан ажиллана.
Компанийн эрхэм зорилгыг дагаад газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах шинэ зорилтууд бий болж байна. Петровис Монгол улсдаа энэ чиглэлээр өөрийн гэсэн байр сууриа олсон эрчим хүчний томоохон компани болоход анхаарч ажиллана. Ингэснээр дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж байгаа нефть бүтээгдэхүүний үнэ, эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах өргөн боломж бидний өмнө нээгдэнэ. Манай орны уул уурхай, барилга, аж үйлдвэрийн салбаруудын хөгжин цэцэглэлт болон эдийн засгийн ерөнхий өсөлт хязгааргүй их боломжийг олгож байна.
Бид эх орныхоо тогтвортой хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс хийн түлш, шингэрүүлсэн нүүрс зэрэг эрчим хүчний альтернатив эх үүсвэрийг бий болгох төслүүдийг дэмжиж байна. Петровис Монголын бизнесийн салбарт байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг манлайлан анхаарах бөгөөд ирэх үе удмынхаа гэрэлт ирээдүйн төлөө ажиллана.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис “Ядуурлын эсрэг хамтдаа” санг үүсгэн байгуулж, бизнес эрхлэгчид, жижиг бизнесүүдийг дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөхөөр идэвхтэй ажиллаж байгаа. Үүний дээр бид НҮБ-ын Даян дэлхийн гэрээ – Дэвшлийн талаарх харилцаа (ДТХ)-нд идэвхтэй оролцож, хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, авилгын эсрэг асуудлуудын хүрээнд гаргаж байгаа ахиц дэвшлийг дэмжиж, энэ тухай харилцаж байгаа.
Бид чанартай бүтээгдэхүүн, иж бүрэн үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд нийцүүлэн хүргэж, орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөл байдалд хурдан зохицон үйл ажиллагаагаа олон улсын түвшинд явуулж, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ цаашид байнга оруулсаар байна.
ПЕТРОВИС ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
Д.ЭНХЧИМЭГ