ДЭЛХИЙД ДАНСТАЙ ХӨВСГӨЛ ДАЛАЙГАА
ҮР ХОЙЧДОО БАЙГАА ЧИГЭЭР ӨВЛҮҮЛЭХСЭН ДЭЭ
Насжилтийн хувьд дэлхийд 2-рт , цэвэр усны нөөцөөрөө 3-рт, хэмжээгээрээ 14-т орох 7-8 сая жилийн настай дэлхийд данстай Монголчууд бидний гэгээн бахархал болсон Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газрын хамгааллын асуудлаар Органик Монгол хөтөлбөрийн багийхан ТВ нэвтрүүлэг сурвалжлага хийлээ.
Хөвсгөл далайгаа онгон дагшин цэвэр ариунаар үр хойчдоо өвлүүлэхийн тулд Монголчууд бид бодох санах хэрэгжүүлэх зүйл их байна.
Наанадаж далай ээжийнхээ ариун хөрсөн дээр элдэв хог хаягдлаар хогын цэг бий болгож авчирсан хогоо аваад явах сэтгэлгүй иргэд нэлээд байдаг нь харагдаж байлаа. Далай ээжийн эргээс 100 м хүрэхгүй зайд нэлээд хэдэн хур хогын цэг үүсгэсэн байсныг хөтөлбөрийнхөн өөрсдийн чадах хирээр цэвэрлэж хогыг хогын нэгдсэн цэгт хүргэж өглөө.
Далай ээждээ машинаа оруулж байгаад бензин тосыг нь ч хамаагүй угаадаг, ахуйн хог хаягдлаа шууд эрэг дээр нь хаядаг, химийн элдэв хаягдал болох угаалгын нунтаг, савангаар угаасан усаа далай ээждээ шууд асгадаг зэрэг сэтгэлд ч багтамгүй үйлдэл гаргаж байгаа иргэд таарч байсан юм. Тэдгээр иргэдэд энэ мэт үйлдэл гаргахгүй байхыг хөтөлбөрийн зүгээс сануулж уриалж байсан юм.
Цэвэр цэнгэг усаараа гайхагдсан далай ээжийнхээ ус, хөрс , ой модыг хайрлан хамгаалж хүн бүр байгаль эхийн бидэнд заяасан хосгүй үнэт эрдэнэ болсон Хөвсгөл далай, мөн бусад нуур цөөрөм, гол ус, булаг шандаа бид өдийнөөс хайрлан хамгаалж ногоон амьдралаар амьдарч эхэлцгээе.
Усгүй, байгалгүй хатсан ирээдүйг үр хойчдоо үлдээх вий гэсэн сэтгэл зовнинол төрснөө үл нуун ийнхүү сийрүүлэн бичлээ.
Байгаль орчны хамгаалалд хүн нэг бүрийн сэтгэл зүтгэл чухал болохыг хөтөлбөрийн зохион байгуулагчид дахин сануулж , уриалж байна.
.