Дизель түлшийг найрлагаар нь өвөл, зуны түлш гэж ангилдаг. Гэтэл сүүлийн үед зарим шатахуун түгээх станцууд зуны дизель түлш өгч байгаагаас автомашинууд доголдож байна гэсэн гомдол ирэх болсон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг “Петровис”ХХК, “НИК” ХК-ийн чанар технологи хариуцсан ахлах мэргэжилтэн, химийн ухааны доктор (Ph.D) Б.Даваацэрэнгээс хүссэн юм.
-Дизель түлшийн шинж чанарыг тодорхойлдог олон үзүүлэлт байдгаас голчлон царцах, булингартах температураас нь хамааруулан өвлийн зуны гэж ангилан ялгадаг. Зуны дизель түлш нь -5-10 хэмд царцдаг. Тиймээс шатахуун түгээх станцууд зуны дизель түлш түгээж байна гэсэн мэдээлэл ор үндэсгүй, физик химийн шинж чанарын хувьд боломжгүй юм. Зуны түлш бол өдийд шатахуун түгээх станцын түгээгүүрээр ч гарч ирэхээргүйгээр савандаа царцсан байх учиртай. Өвлийн дизель түлшийн хувьд -35-40 хэмд тэсвэртэй байдгаараа онцлогтой. Одоогийн байдлаар ОХУ-аас -38 хэмд тэсвэртэй дизель түлшийг нийлүүлж байна. Манай компани болон бусад шатахуун импортлогчид ийм чанартай түлш импорлож байгаа.
- Өвөл, зуны дизель түлш үнийн хувьд ялгаатай юу?
-Өвлийн түлшийг гарган авахын тулд хөлдөөх, хөргөөх технологийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, дизель түлшийн дотор агуулагдаж байгаа царцах чанартай бодисууд буюу парафинуудыг хөлдөөх замаар салгаж авдаг гэсэн үг. Тэгж байж хүйтэнд тэсвэртэй өвлийн дизель түлшийг үйлдвэрлэдэг. Ялгаж авсан хэсэгийг лааны тостой адилтгаж болох юм. Ийм нарийн технологи ашигладаг учир өртөг зуныхтай харьцуулахад өндөр байх үндэслэлтэй. Харин зуны дизель түлшийг арай бага температурт хөргөөнө гэсэн үг. Тиймээс өвлийн түлш зуныхаас илүү үнэтэй байдаг.
-Агаарын температур -38 хэмээс илүү хүйтэрвэл одоогийн хэрэглэж байгаа түлш царцах магадлалтай байх нь ээ.
-Одоогоор агаарын температурын дундаж хэмжээ -25-35 хэм орчим байна. Зарим тохиолдолд, зарим газраар цаг агаарын тааламжгүй байдал буюу огцом хүйтрэл болсон тохиолдолд царцахыг үгүйсгэхгүй. Иймд манай жолооч нар хэт хүйтрэлийн үед дизель түлшээр ажилладаг автомашинуудаа дулаан грашид байрлуулах, хувийн бэлтгэлд онцгой анхаарах шаардлагатай болов уу. Бидний хувьд хэрэглэгчиддээ найдвартай чанартай шатахуун түгээхийн төлөө анхааран ажиллаж байна.
-Баярлалаа.
Д.Цээпил / www.news.mn, 2010.01.12/
.