Ядуурлын Эсрэг Хамтдаа Сангийн гүйцэтгэх захирал, “Амьдрал үргэлж сайхнаараа- Органик Монгол” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Д. Ононтой хийсэн ярилцлага

clip_image002С: Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Органик Монгол хөтөлбөрийнхөө явцын талаар ярилцлагаа эхлэх үү?

О: Танай сонины хамт олонд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Ядуурлын эсрэг хамтдаа сангийн хүрээнд МҮХАҮТ, Петровис компани, ХасБанк гэсэн 3 байгууллагаас санаачлан эхлүүлсэн “Амьдрал үргэлж сайхнаараа- Органик Монголхөтөлбөр амжилттай хэрэгжиж эхлээд 5 дахь сараа үдээд байна. Уг хөтөлбөрийн үндсэн гол зорилгын талаар танай сонинд гаргасан ярилцлагадаа МҮХАҮТ-ын дарга Дэмбэрэл маш тодорхой ярьсан. Бид хөтөлбөрийнхөө хүрээнд анх хот суурин болон орон нутгаас 150 гаруй төсөл хүлээж аваад өөртөө итгэлтэй, хүсэл эрмэлзлэлтэй, туршлагатай гэж үзсэн 45 хүний төсөлд 150 сая төгрөгийн зээлийг маш бага хүүтэй, барьцаагүй өгсөн. Манай зохион байгуулах багийнхан 5-р сард 2 хуваагдаад төслөө өгч хүсэлт гаргасан хүмүүсийн төслүүд дээр газар дээр нь очиж зээлээ өгсөн л дөө. Ер нь хүмүүс их баярлаж байсан. Биднийг нөгөө биелдэггүй олон төслүүд шиг чимээгүй алга болох байх гэж бодож байсан гэж ярьж байсан л даа. Тэгээд л биднийг гэнэт яваад очихоор баярлаж зарим нь их сандарч байсан.

С: Органик Монгол хөтөлбөр яг хаана хаана хэрэгжиж байна вэ?

О: Дээр дурдсан 3 байгууллага хөтөлбөрөө анх эхлүүлэхдээ 21 аймагт оршин суугаа бүх хүмүүст хүртэж ажиллан санхүүгийн болон бусад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой байсан. Одоогоор Дархан, Сэлэнгэ аймгуудад нэлээд олон төслүүд, Хэнтий, Өмнөговь, Ховд, Баянхонгор, Улаанбаатар хот болон дагавар хорооллуудад зонхилон хэрэгжиж байна даа.

С: Ямар ямар төслүүдэд зээл олгосон бэ?

О: Ерөнхийдөө төсөл маань эрүүл хүнс үйлдвэрлэх бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд, хоршоо, бүл, жижиг аж ахуй зэргийг дэмжих зорилготой. Ихэнх нь төмс хүнсний ногоо, үр тариа, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй, туулайн аж ахуй, бусад фермийн аж ахуйн төслүүд байгаа.

С: Органик Монгол хөтөлбөрийн онцлог гэвэл?

О: Анхнаасаа манай хөтөлбөр монголынхоо цэвэр органик эрүүл хүнсийг монголчууддаа таниулъя, эх орныхоо төмс ногоо, жимсийг хэрэглэж жижиг үйлдвэрлэгчдэдээ бага ч боловч тус хүргэе, гадаад зах зээлийн хараат байдлаас гарьяа, ногоон эдийн засгийн эхлэлийг тавьяа гэсэн хүсэл зорилго дээр суурьлан эхэлсэн. Яагаад бид өөрөө өөрсдөө хийж, бий болгож чадах байж заавал гаднаас хэдэн 7 хоног, хэдэн сарын турш ачигдаж хадгалагдаж ирсэн ногоо, жимс болон бусад төрөл бүрийн удаан хадгалах зориулалттай тогтворжуулагч химийн бодис хольсон импортын бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой юм бэ. Ирээдүйд урт хугацаанд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдсээр байж бид эрүүл хүнсний дутмаг байдлаас болж эдгээр хүнсийг хэрэглэсээр л байна. Үүний оронд эрүүл хүнс бий болгож буй иргэд аж ахуйгаас багаас нь эхлэн дэмжээд өгвөл цаашдаа импортын хүнсний бүтээгдэхүүний хараат байдлаас гарч хүнсний салбараа хурдан өөрсдөө авах боломжыг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн бичил бизнес эрхлэхийг хүсдэг боловч хөрөнгө мөнгө, мэдлэг,мэдээлэл, дэмжлэг дутсан иргэдэд тусалснаар олон жил ярьж байгаа ч улам нэмэгдээд байгаа тэр ядуурал гээч зүйлээс цөөн ч болов гэр бүлийг хасч чадахаараа манай хөтөлбөр маш онцлог. Монголд олон улсын байгууллагуудаас сайн санааны, зээлийн гэх мэт хөдөө аж ахуйг дэмжих төсөл хэрэгжүүлдэг газрууд маш олон. Гэхдээ үр дүн нь үргэлж сайн байдаггүй шүү дээ. Хамгийн гол зүйл бол одоо монголчууд бид гаднаас тусламж аваад сууж байдгаа больж өөрөө өөрсөддөө туслаж, бие биенээ дээш нь татах хэрэгтэй. Яг энэ эгзэгтэй үед л бие биедээ туслаж чадвал ирээдүйд их том хөрөнгө оруулалт болно. Энэ бүхнийг уриалж байгаагаараа бас онцлог гэж хэлж болно.

С: Бэрхшээлгүй ажил гэж юу байхав. Ер нь ямар бэрхшээл тохиолдож байна?

О: Байгал, цаг уурын бэрхшээл. Өнгөрсөн саруудад тариалалтын яг эмзэг үеэр үер, цас, мөндөр зэрэгтэй бид туллаа. Гэхдээ манай хөтөлбөрт оролцогчид үүний эсрэг маш хурдан арга хэмжээ авсны эцэст ихэнх нь даваад гарсан. 2,3 сар уйгагүй арчлан тордсон бүх тарималаа үерт урсгаад уйлах ихдэж инээх багадсан хүмүүс ч гарсан. Байгалийн хүчин зүйлийг яалтай ч билээ. Тэр хүмүүсээ бид чадахынхаа хирээр дэмжиж байна.

Үүнээс гадна бид энэ хөтөлбөрийнхөө талаар мэдээллийг олон хүнд хүргэж олон хүнийг жишээ аваасай гэсэн үүднээс ПР маш сайн хийх хэрэгтэй байна. Бид олон телевиз, сонин сэтгүүл, сурталчилгааны газар дэмжээч гэсэн санал тавьсан л даа. Эдгээр дундаас NTV телевиз биднийг дэмжиж мэдээллийн гол ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаад маш баяртай байгаа. Бас онлайн сурталчилгааг www.olloo.mn-ээр, мөн Их Харанга, АДРА ОУБ, Өдрийн сонин зэрэг байгууллагууд дэмжиж байгаа. Дашрамд хэлэхэд эдгээр газрууддаа маш их талархаж байгаа. Хүнийг баярлуулна гэдэг нь их буянтай сайхан үйл юм шүү.

С: Зээл өгөхөөс гадна оролцогчидоо юугаар дэмжиж байна?

О: Бид оролцогчидтойгоо байнга холбоотой байж хэрэгтэй зүйлийг нь өгч чаддаг. Мөн борлуулалтыг дэмжиж орлогыг нь нэмэгдүүлэх үүднээс сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах санал тавихад Макс, Миний, Номин, Everyday сүлжээ дэлгүүрүүд дэмжихээ илэрхийлсэн. Мөн 2 удаагийн үзэсгэлэн худалдаа болон бусад олон талын үйл ажиллагаагаар оролцогчдынхоо борлуулалтыг дэмжинэ. Сургалт зохион байгуулна. Хүн нэг бүрт ч хамаагүй шаардлагатай гэж үзсэн бүх зүйлийг бид тэдэнд зориулж хийнэ.

С: Та түрүүн NTV телевизтэй хамтарч ажиллана гэсэн шүү дээ. Нэвтрүүлэг хийх үү? Хийх бол хэзээнээс хийж эхлэх вэ?

О: 9-р сараас бид төслүүдийн үр дүн гарах үеэр телевизийн багтайгаа цуг явж эхлэхээсээ аваад дуусах хүртэлх бүх явцыг хамруулсан жаргал зовлон бэрхшээл бүгдийг багтаасан сайхан нэвтрүүлгүүд хийнэ ээ. Хүмүүст таалагдана гэж итгэж байгаа.

С: Сүүлийн үгийг таньд үлдээе.

О: Баярлалаа. Хийх, бүтээх урам зоригоор дүүрэн манай оролцогчдыг дэмжиж байхыг хүсч байна. Дарханы Түмэндээ гуайн төмс, Сэлэнгийн Гантөмөр эгчийн зөгийн бал, Хэнтийн Болдбаатарын сүү, гэх мэт сонсоод эргэлзээгүй итгэн худалдан авдаг жинхэнэ Монгол брэндийг бий болгохын төлөө л бид ажиллаж байна. 1 төслийн цаана олон хүний амьдрал ахуй баяр гуниг бүгд байгаа болохоор маш олон хүнд сэтгэлийн баяр баясгалан өгсөн Амьдрал үргэлж сайхнаараа гэж сайхан үг шиг бүх иргэдийн минь амьдрал байгаагаараа баян сайхан байгаасай. Монгол хүн монгол хүнээ дэмжиж монгол хүнсээ идэж эрүүл урт удаан амьдраасай.

С: Танд баярлалаа. Та бүхний энэ ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

.